Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт
Эвдэрсэн улсыг эмхэтгэгч ойрадын Тогоон тайш

   1416 онд Монгол нутагт улс төрийн хямрал улам гүнзгийрэн баруун, зүүн монголын хооронд гарсан дайны дүнд ойрадын цэрэг ялагдаж, энэ дайнд оройлон оролцсон Аругтай өөрөө улсын тайш болж гол эрх мэдлийг өөртөө аван, Хорчины Ажай тайжийг 1425 онд хаан ширээнд өргөмжилсөн байна. Ингэхдээ Аругтай тайш ойрадын зонхилогч байсан Батулын эхнэр, Элбэг хааны охин Самар гүнжийг хүүтэй нь хамт олзолж ирэхэд, Адай хаан Самар гүнжийг хатнаа болгож, хүүг нь Аругтай тайшид тушаажээ. Аругтай тайш тэр хүүд " Эрт чиний эцэг Батула чинсан над араг үүрүүлж, аргал түүлгэснээр барахгүй Аруггай нэр өгч, муучлан зарж байсан биш үү" гэж багадаа ойрадын Батула чинсанд баригдан зарцлагдаж байснаа дурьдан, хүү Бахамуг тогоонд хөмрөн унтуулж, Тогоон гэж нэрлэн гэртээ зарцлах болсон ажээ. Ойрадын сурвалжит гэр бүлээс гаралтай Бахаму ийнхүү доромжлогдож байгаадаа гутран, Ойрад нутагтаа буцан, зүүн Монголын хаан тайш нараас хэзээ нэгэн цагт өс хонзонгоо авна гэж боддог байжээ. Түүний эх нь хүүгийнхээ сэтгэлийг мэдээд, хүүгээ нутагт нь буцааж өгөхийг хаан Адайгаас гуйхдаа "Хаан минь та намайг хатнаа болгож, байр суурийг минь өндөр болгосон атлаа хүүгий минь юунд хүнд өгч, хонь хариулган, адгийн муу ажил хийлгэнэ вэ? Хэрэв тэр өршөөж болшгүй ял хийгээгүй бол энэрэн өршөөж, түүнийг суллах ажаамуу" гэж айлтгахад Адай хатныхаа хүсэлтийг ёсоор болгож, Тогооныг ойрад руу хоёр элчээр хамгаалуулан явуулах шийдвэр гаргасан байна.

 

   Тогоон Батула чинсангийн ууган хүү тул 1417 онд эцгийнхээ чинсангийн тушаалыг залгамжилж, дөрвөн түмэн ойрадыг захиран, Мин улсаас эцэгт нь шагнасан Шунь Нин ван хэргэмийг 1418 онд залгамжилж, Мин улстай найрамдах бодлого явуулж эхлэв. Тэгээд Зүүн Монголын эсрэг дайнд бэлтгэж эхэлсэн байна. Ингэхдээ юун түрүүн ойр зэргэлдээ оршдог Сартуул, Уйгур болон Хар Ёгор зэрэг гурван угсаатан бүхий Хамилыг өөртөө татан эрхшээлдээ оруулахын тулд 1420 онд Тогоон чинсан Хамилын ван Буширт өөрийн охин Нугандаширыг хатан болгон өгч, худ ургийн харилцаа тогтоожээ. Хамил нь дорно өрнийн харилцааны уулзвар газар тул ойрадад нэн чухал байжээ. Тогоон үүнээс гадна Шачжоу, Хандун, Чигин зэрэг монгол аймгуудын ноёдтой холбоо тогтоохыг оролдсон боловч тэдгээр нь Мин улстай найрсаг харилцаатай байсан тул ойрадтай ойртох сонирхол бага байжээ. Энэ үед ойрадын ноёдын чуулган хуралдаж, оролцсон хүмүүс "Монгол хаан эхлэн их улсын зан ааль ямар вэ" хэмээн тэр үеийн Зүүн Монголын байдлыг сонирхон асуухад, Тогоон чинсан тодорхойлохдоо: "Адай хаан болхи бүдүүлэг, чадвар мөхөс, жаргал цэнэл хөөцөлдөөд хаан төрийн их хэргийг Аругтай мэдэж байна. Аругтай байдал учрыг мэдэж байвч нэгэнт нас өтөлж, тархи толгой хөшүүрэн, эрдэмтэн мэргэдийг жөтөөрөн гадуурхах болов... Түүний мэдэл доорхи Монгол яг буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу мэт" гэж хэлж, Зүүн Монголыг байлдан доройтуулах зам мөрөө тодотгожээ.

 

   Тогоон эдгээрээс гадна зүүн тийш урианхай нарыг эрхшээлдээ оруулан, Зүрчидтэй холбоо тогтоож, хүчээ зузаатган, бүх монголыг нэгэн жолоон дор нэгтэн дагуулах алхмыг хийхийн сацуу Мин улстай найрсаг харилцаж, худалдаа арилжаа хийж байжээ. Зүүн Монголын хаан нь Чингисийн алтан ургийн бус, Хасарын удмын хүн байгаа тул хаан болж болохуйц алтан ургийн хүнийг эрж хайх явдал Тогооны дайны бэлтгэлд орж байжээ. Тогоон чинсан сэм хийсэн эрлээрээ Чингисийн удмын нэгэн хөвүүнийг олсон нь Тогтобуха байжээ. Тогоон өөрийн зорилгодоо ашиглахын тулд хүүг ордондоо авчран халамжлах болсон бөгөөд охиноо эхнэр болгон өгч, улам ойртохдоо: "Хасарын удмынхнаас хаан ширээг булаан авч, алтан ургийн Хубилай хааны хойчис Тогтобухад өгнө" гэсэнд ихэд талархаж: "хэрэв хаан суух аваас Тогооныг цэргийн хамгийн эрх мэдэлтэй тайш болгон өргөмжлөнө" гэж хэлж байжээ. Ингээд тэд Адай хааны эсрэг дайны нууцгай бэлтгэлээ шуурхайлж эхэлсэн байна. Энэ үед Тогооны хүү Эсэн цэрэг удирдаж, дайн тулаан хийх анхны гараагаа Чагаадайн улстай хийсэн олон удаагийн ялгуусан тулалдааны галын дундаас эхэлсэн байна.

 

   1418 онд Чагаадайн улсын зүүн хэсэг Моголистаны хан болсон Вайс гэгчтэй 60 гаруй удаа их бага хэмжээнд мөргөлдөн тулалдаж ялж байжээ. Ийм бэлтгэл хийсний дараа Тогоон 1438 онд Адай хааныг довтолжээ. Ойрадууд Зүүн Монголыг нэгггэх дайнд арга хүчийг хослон хэрэглэсний нэг жишээ бол Их хаанд тал архлын бэлэг хүргэхээр Тогоон чинсан өөрөө ирж байна хэмээн урьдчилан мэдэгдэххоёр элч томилон хааны ордонд очуулжээ. Энэ үед Адай хаан ихэд баярлан уг элч нарыг өөрийн ордондоо буулгасан ажээ. Гэтэл хоёр элчийн зорилго нь дээрх мэдээг дуулгахад хаан ямар байдалтай байх болон ордны үйл ажиллагааг тагнах, Тогооноор толгойлуулсан цэрэг довтлон очиход угтах хүчин болж, хорлон сүйтгэх ажил хийх явдал байжээ. Ийнхүү ойрадын их цэргийг хүү Эсэн биеэрээ удирдаж ямар ч бэлтгэлгүй байтал нь гэнэт довтлон ирэхэд Адай хаан Аругтай тайш нар ордноосоо дөнгөж зугтан гартал, ойрадын цэрэг хааны ордныг эзлэн авав. Тогоон, Тогтобух нар хаан тайш нарыг хөөж байлдахад Адай, Аругтай нар цэргээ хувааж байлдаад бут цохиулсан байна. Эсэн шилдэг цэргээр Аругтайг хөөн тулалдсаар Мон уулын цагаан нуурын орчим устгажээ.

 

   Энэ үед Мин улс монголын эрх баригч нарын хямрал тэмцлийг ашиглан Адай хаан Доржбай жанжин нарт хэргэм зэрэг олгож, Мин улсын гадаад түшмэг болгохыг оролдсон боловч Адай хүлээн авсангүй. Тэгэхэд нь Мин улс цэрэг хөдөлгөн Адай хаан болон түүний шадар жанжин Доржбай нарыг цохиулав. Засгийн бүх эрх мэдлийг хэрэг дээрээ гартаа авсан Тогоон алтан ургийн хүн биш тул Монголын их хаан заавал алтан ургийн хүн байх ёстой гэдэг Монголын төр ёсны тоггсон уламжлалыг өөрчлөн шинэчлэхийг зорьж байлаа. Гэтэл энэ асуудал тэр үед хэлэлцээ зөвишлцдөөр хэрхэвч шийдвэрлэгдэх боломжгүй байсан тул эхдээд монголчуудын тархай бутархай байдлыг арилган нэгэн дээвэр дор нэгтгэх ажлыг шаламгайлан хийж, дотоодын зөрчлийг өдөөсөн зэвсэгт тэмцэл хийхийг урьтал болголгүй, эеэр татахыг оролдохдоо худ ургийн харилцаа тогтоохыг чухалчилж, их хааны хойчис биш, тайж нарыг дэмжиж хаан өргөмжилж, өөрөө түүний үлэмж эрх мэдэлтэй тайш болох замыг сонгосон ажээ.

 

   Ийнхүү Тогоон чинсан алтан ургийн нэрийн өмнөөс дайн дэгдээж, Хасарын удмын хааныг устгаж, бүх Монголыг эрхшээлдээ оруулаад 1439 онд олон аймгийн ноёдын хуралдаанаар Тогтобухыг бүх Монголын их хаанаар өргөмжлүүлж, Тайсун хаан гэж цоллосон байна. Тайсун хаан ч өөрийн урьдын амлалтаа биелүүлж, Тогооныг монголын цэргийн бүх хэргийг атгадаг тайш болгон өргөмжлүүлэв. Хаан өөрийн дүү Агваржинг улсын баруун гарыг захирдаг жонон болгов. Тогоон тайш өөрийн хүү Эсэнг туслагчаа болгон, цэргийн хэргийг давхар эрхлүүлэх болсноор бүх Монголын цэргийн хэрэг эцэг хүү хоёрын мэдэлд байх болов.

 

  Тогоон тайш, Тайсун хаантай хүч хавсарч урьд их Монгол улсын бүрэлдэхүүкд орж байсан агаад сүүлдээ хөндийрч эхэлсэн Урианхай, Онниуд, Зүрчид, Хорчин зэрэг аймгуудыг өөртөө татах талаар хийж байсан урьдын алхмаа лавшруулж байлаа. Харин Мин улс дахин нэгдэн хүчирхэгжсэн Монголоос ихэд болгоомжилж түүний гадаад үйл ажиллагааг гярхай ажиглан, өөрсдийн хоёр үзүүрт бодлогыг хэрэгжүүлж байлаа. Ийнхүү Тайсун хаан, Тогоон тайш нарын үед хэсэг хугацаанд дотор зуурын зөрчил мөргөлдөөн түр намжиж, хаант төрийн захиргаа тогтворжих хандлагатай болж ирэв. Төрийн хэрэгт хаан биш, харин түүний хадам эцэг Тогоон тайш зонхилж байв. Ийнхүү Тогоон тайш хятадын Мин улсын эсрэг хийх аян дайнд бэлтгэж байхдаа 1439 онд нас барахынхаа өмнө Монголжин Урианхайгаас бусад бүх монгол аймгуудыг их хааны мэдэлд оруулж чадсан нь улс төрийн бутрал эхэлснээс хойшхи монголчуудыг анх удаа нэгггэн нягтруулсны хувьд чухал ач холбогдолтой болж, хэзээний өрсөлдөгч хятадын Мин улсын эсрэг амжилттай дайн хийх урьдач нөхцлийг бүрдүүлсэн билээ.

Сэтгэгдэл нэмэх
 
Зочин
over 4 years
Баруун монгол Ойрад ард түмэн эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч .
Ойрад Хүү
over 4 years
Сайхан мэдээ болсон байна баярлалаа.
Зочин
over 4 years
өшөө илүү нэмээрэй